Friday, September 28, 2012
Wednesday, September 26, 2012
Сунаж мөргөхөд бие эрүүлжин сэтгэл ариусдаг
Хөдөлгөөн дутсанаас хөгшрөлтийн явц түргэсч, зүрх өвчлөх эхлэл тавигддаг. Үүнийгээ дагаад хөдөлмөрийн бүтээмж буурахын зэрэгцээ илүүдэл өөх хором хормоор нэмэгдэнэ. Хэн хүнгүй л хөдлөх хэрэгтэй, дасгал хөдөлгөөн амьдралын үндэс гэж ярьдаг ч амьдрал дээрээ хэрэгжүүлэх нь ховор. Шалтаг ч мундахгүй их. Гадаадын ихэнхи орнуудад хүүхэд үүхэд, хөгшин хөвөөгүй өглөө босоод л ямар нэгэн хөдөлгөөн хийдэг аж. Нэг ёсондоо “хөдөлгөөн”-ийг өглөө бүр нүүрээ угаадаг шигээ амьдралын хэвшил болгочихжээ. Энэ талаар Англи хэлнээс орчуулан үзэж бусад эх сурвалжтай холбон бичиж танд хүргэж байна.
Бид байгаль дэлхийгээс нарны гэрэл, цэвэр агаар, ус зэргийг авах боломжтой ч эрүүл биед заавал хэрэгтэй хөдөлгөөн хэмээх зүйлийг орхигдуулаад байдаг. Угаас нүүдэллэн амьдардаг монголчууд бидний хувьд өдөр тутамдаа, цаг тутамдаа хөдөлгөөн хийж тэр нь дасгал болохын зэрэгцээ эрүүл амьдрах нэг эх үндсийг тавьдаг байжээ.
Гадаадын ихэнхи орнуудад хүүхэд үүхэд, хөгшин хөвөөгүй өглөө босоод л ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийдэг аж. Нэг ёсондоо “хөдөлгөөн”-ийг өглөө бүр нүүрээ угаадаг шигээ амьдралын хэвшил болгочихжээ.
Нэнси хэмээх нэгэн Америк бүсгүй БНХАУ-д суралцаж байж. Тэндэхийн сургуулийн сурагчид өглөө хичээлдээ ирээд гадаа гарч 15 минутын турш дасгал хийдэг, паркууд нь өглөө эрт болон өдөр дасгал хийж буй насанд хүрэгчдээр дүүрэн байдаг, түүнчлэн Хятадууд хоол идсэнийхээ дараа “Цянь-Цинь” хэмээх дасгалыг тогтмол хийдэг уламжлалтай байсан нь ихэд таалагджээ. Нэнси эх орондоо эгэн ирээд “The Early Morning Workout ” буюу “Өглөөний дасгал”-ын хичээл зааж эхлэв. Улмаар насанд хүрэгчид, настайчуудаа өглөө бүр дасгал хийж хэвшихэд уриалжээ. Удалгүй олон хүн өглөөний дасгал хийж хэвшсэн бөгөөд тэдний хувьд өглөөний дасгал нь зайлшгүй хийдэг зүйлсийнх нь нэг болжээ. Дасгалын дараа оюутнууд хичээлдээ маш эрч хүчтэй ордог бөгөөд настайчуудын толгой сэргэж , бие нь хөнгөрдөг байна.
Харин Япончууд Дэлхийн II дайнаас хойш “Радио тайсо” хэмээх тусгай хөгжмийн аянд өглөөний дасгал хийсээр байгаа. Зургаан настай балчираас зуун настай буурал хүртэл уг дасгалыг хийдэг бөгөөд энэхүү дасгал нь Японы соёлын нэгэн хэсэг нь болдог юм байна. Тэд дасгалын зан үйлээ зүрхээрээ мэдэрдэг гэнэ. Дасгалын зорилго нь сайн сайхан, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх төдийгүй анги сургууль, хамт олон, найз нөхдөө нэгтгэх гэсэн бодлого ч бас давхар байдаг байна.
Вьетнамчууд өглөө бүр цэвэр агаарт гарч өглөөний дасгал хийдэг. Настайчууд нь Хон Кием нуурынхаа эрэг дээр дасгал хөдөлгөөнөө хийнэ. Дасгалынхаа дараа бие биеийнхээ нуруунд массаж хийдэг байна.
Тодруулбал Хятад, Япон зэрэг орнуудын дундаж наслалт дээгүүр байдаг нь хөдөлгөөнийг амьдралын хэвшил, салшгүй нэгэн хэсэг болгосонтой холбоотой.
Хөдөлгөөнтэй байгаа нуур, далай, тэнгисийн ус цэнгэг, хөдөлгөөнгүй нуур, цөөрмийн ус булингартай, бүр өмхийрчихсөн байдаг шүү дээ. Амьд бие бүхэн хөдөлгөөнд оршдог. Техник технологи улам бүр хөгжиж, даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд цаг нартай уралдан амьдрах, компьютер, интернэт зэргээр ажлаа амжуулсаар хэдийнэ хэвшчихжээ. Гэтэл угаас нүүдэллэн амьдардаг байсан Монголчууд бидний хувьд цаг ямагт хөдөлгөөн хийж эрүүл амьдрах эх үндсээ тавьдаг байсан шүү дээ. Ухаант ардын маань “Үенд хөдөлгөөн хэрэгтэй, үр хүүхдэд сургамж хэрэгтэй” гэж хэлсэн нь хүртэл учиртай...
Бага байхад эмээ маань хойморт залсан бурхандаа өглөө бүр 108 удаа сунаж мөргөдөг байсныг санаж байна. Миний эмээ жижигхэн биетэй, туранхайвтар хүн байлаа. Нутаг усныхан нь хөнгөн шингэн биетэй, гялалзсан хөгшин гэж эмээг минь магтана. Эмээ маань өглөө эртлэн босоод, бурхандаа зул өргөн мөргөлөө эхэлнэ. Ингэхдээ амандаа маань уншиж, бүхнийг бясалгасан дүртэй болдог байсан нь одоо ч санаанаас гардаггүй. 108 удаа сунаж мөргөсөн эмээ маань ядарсан ч шинжгүй цайгаа уугаад сууж байдаг нь гайхмаар санагддаг байлаа. Бүх насаараа сунаж мөргөж заншсан эмээ маань өөрөө ч мэдэлгүй хөдөлгөөн хийдэг байж. Түүнийхээ ачаар урт насалж, үр хүүхдээ жаргаасан даа.
Сунаж мөргөхөд хүний биеийн бүхий л булчин ажиллан идэвхитэй хөдөлгөөн хийж байдаг учраас эрүүл амьдрах нэгэн үндэс болсон хөдөлгөөнийг эндээс олж авах бүрэн боломжтой. Ийнхүү залбирахдаа хүн бүр аливаа сайн сайхан бүхнийг бэлгэдэж дотроо бясалгадаг тул бие эерэг энергиэр дүүрч, сэтгэл ариусдаг юм. Монголчууд бид эртнээс уул овоо, байгаль дэлхийгээ дээдлэн биширч, идээ ундааныхаа дээжийг өргөн, сүслэн залбирсаар ирсэн. Бурхан тэнгэр, уул ус, эцэг эхээ шүтэн залбирдаггүй хүн гэж үгүй. Хөл нь хөдөлж чадахгүй, суга таягтай болчихоод нутгийн овоондоо очихыг хүсэн мөрөөсөж, хөл дээрээ явж чаддаг болтлоо чадал мэдэн зүтгэж, овоондоо гаран таягаа өргөдөг нь цаанаа нарийн учиртай...
Харин залбирахдаа та сунаж мөргөн залбирч хэвшээрэй. Эхний удаад тав, дараагийн удаад арав, арван тав гэхчилэн өдөр тутамдаа мөргөөд хэвшчих. Бөхийсний тань тоогоор цус төлжиж, мөргөсний тань тоогоор энерги хуримтлагдана. Эд эс тань баярлах болно. Таны эрүүл аз жаргалтай амьдрах үндэс нь хөдөлгөөн юм шүү.
Жинхэнэ аз жаргал бол гэр бүлийн аз жаргал
Намайг Алтантуяа гэдэг. Би 26 настай. Нөхөр хоёр хүүгийнхээ хамт амьдардаг. Бид гал голомтоо асааснаас хойш эдүгээ долоон жилийг ардаа орхижээ. Долоон жилийн өндөрлөгөөс эргэн харахад анх танилцсан үе минь яг л өчигдөрхөн юм шиг санагдаж байгаа нь гайхалтай...
Манайх жинхэнэ аз жаргалтай гэр бүл гэж би боддог. Бид аз жаргалыг алхам тутамдаа мэдэрч байна...
Дэгэж дэрвэсэн, гэгээхэн хүүхэд ахуй насандаа дэврүүн хүсэл, гэнэхэн мөрөөдлөөр анх түүнтэйгээ учирсан. Тэгээд л хүсэл мөрөөдлийн минь орон зайг тэр минь улам уужим болгосон сон. Дандаа л амттай, урам зориг бадраам үгсийг би ганцхан түүнээсээ сонсдог. Биднийг гэр бүл болсноос зургаан сарын дараа түүнд маань алс холын Солонгос улсад ажиллах боломж олдсон юм. Дөнгөж нэг ой хүрч буй өхөөрдөм хөөрхөн хүүгээ бас намайг орхиод явна гэдэг амаргүй байсан ч бид энгэрт асан эрхлэх бяцхан үрийнхээ төлөө үүнийг хийхээр шийдсэн юм. Тэр маань явахдаа надад нэгэн хавтсыг өгч, хүү бид хоёрыгоо ээлжлэн үнсээд “Ихийг сурч ирээд хамтдаа сайхан амьдарна аа” гэж хэлсэн.
Хүү маань уйлагнаад унтуулах гэж шөнө босон хуурайлж, түүнийгээ санан ганцаардахдаа олон өдөр дэлгэж үзэж зүрхлэлгүй нандигнасан тэр нэгэн хавтсыг үзэхийг хүслээ. А4-ийн цаасан дээр намайг хүүгээ тэвэрч буйгаар зураад (тэр маань их гоё зурдаг) дэргэд нь:
Гурваар дарсан хархан гэзгээ
Газар шүргэм арагш нь хаяад
Алагаар эргэлдсэн хөөрхөн нүдээрээ
Хацар цоргим өөдөөс ширтээд
Танаар бадарсан цагаан шүдээ
Бахдал төртөл яралзуулан инээдэг
Хацар гоо чамдаа хязгааргүй их хайртай шүү.
Хүүгээ өсгөн хүмүүжүүлээд
Сайн сууж байгаарай.
гээд нямбай гэгч нь дармалдсан байлаа. Ингэхэд л ганцхан хуудас цааснаас ч аз жаргалыг, агуу их хайрыг мэдэрч болдгийг ойлгож, тэвчих, хүлээх, амьдрахын их хүсэл төрөөд эрч хүч ундраад л явчихсан. Магадгүй тэр л намайг хөглөж, түүнийгээ хүлээж хүүгээ хүмүүжүүлж байсан нь лавтай.
Харин өнөөдөр тэр маань ирээд гурван жил болсон, хоёр дахь хүү маань мэндэлсэн, бид хамтдаа жаргалтай амьдарч байна. Энэ өдөр миний төрсөн өдөр тохиож байна. Миний хувьд юу юунаас илүү миний хань надад ямар бэлэг барих нь сонин байлаа. Мэдээж уламжлал ёсоор цэцэг, бялуу, амттанаар дүүрэн ширээ байна.
Удаан хүлээсний эцэст: - Хамгаас хайрт гэргийдээ төрсөн өдрийн гал халуун мэнд хүргэе! гээд уруул дээр минь үнсээд жижигхэн ууттай зүйлийг “Өглөөний хүн” хэмээх номын хамт надад бэлэглэв.
Уутанд юу байсан гэж санана...
Тэр уут их хөнгөн байсан...
Том гэгчийн баглаа цэцгийг өнгө ялган нямбайлан оёод баруун доод хэсэгт нь “Чамдаа хайртай шүү.2009.04.14”.
Үүнийг тэр минь өөрийн гараараа урлажээ. Ийм нарийн оёдолтой зүйлийг хэдийдээ, яаж амжуулсан байна аа? Хэзээнээс эхэлж оёсон юм бол? Миний төрсөн өдөрт надад мэдэгдэлгүйгээр, их эртнээс бэлдсэн байх нь ээ.
Хоёр сарын дараа хайртын минь төрсөн өдөр. Чамайгаа яаж баярлуулах вэ?
Тийм ээ, жинхэнэ аз жаргал бол гэр бүлийн аз жаргал билээ...
KATY PERRY
ТОКИОД “KATY PERRY:PART OF ME” КИНО НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
Текст: 9 дүгээр сарын 25-ны Мягмар гарагт Дуучин, олон улсын супер од Katy Perry 9 сарын 29-нд нээлтээ хийх "Katy Perry : Part of Me" нэртэй 3D киноныхоо талаар ярьж Токио дахь фэнүүдтэйгээ уулзлаа. Түүнийг Япон дахь аялал болон шинэ киноныхоо талаар цөөн асуултад хариулахын өмнө Сэтгэл нь хөдөлсөн фэнүүд нь шүгэлдэж, догдолцгоон Perry-тэй зургаа татуулан, гарын үсгийг нь авч байсан. Тэрээр хамгийн анх 17 настайдаа Японд очиж байсан бөгөөд " Би 17 настайдаа найз бандитайгаа онлайнаар зорчих тийз худалдаж аваад Япон руу явж байсан. Тухайн үед зорчих тасалбар хямд байсан бөгөөд тэр аялал миний амьдралын хамгийн дурсамжтай нь байсан. Би ийм гайхалтай газрыг үзсэндээ баяртай байгаа” гэж ярьжээ. Түүнээс киноны талаар ярихыг хүсэхэд, Perry "Хэрвээ та өөрийн амьдралдаа ямар нэг зүйлийг хийх гэж байгаа бол таны өмнө заавал шалгуур байдаг. Тэр шалгалтыг давах нь маш чухал. Би ч гэсэн олон шалгалтад орж байсан. Гэвч би ямар нэгэн аргаар тэрхүү шалгалтыг давж чаддаг” гэж ярьжээ.Энэ бол түүний киноны хүмүүст өгөх гэсэн хамгийн гол мессеж юм.
"Katy Perry: Part of Me" кино 9 сарын 29-10 сарын 5-ныг хүртэл Японы 21 театрт гарах юм.
Green Oscar
9 сарын 25-ны Мягмар гарагт Дуучин Sting болон түүний эхнэр Trudie Styler нар Нью-Йорк хотноо Rainforest сангаас өгдөг Олон Улсын ногоон киноны шагналыг хүртлээ.'Green Oscar' НЭРТЭЙ энэхүү шагналыг хосууд маань Нью-Йоркийн энх тайвны киногоороо авсан.
Sting улаан хивснээ гарч ирэхдээ, “'Green Oscar' бол үнэхээр онцгой шагнал- Бидний байгаль орчны ажлын үнэлэмж юм. Бидний энэ киног хийсэн шалтгаан шагналын төлөө биш ч гэсэн бид энэ шагналыг авч байгаадаа баяртай байна. ” хэмээн хэлжээ.
Sting , Styler нар ой мод болон Бразилийн уугуул иргэдийг хамгаалахын тулд 1989 онд Rainforest санг байгуулсан байна. Түүнээс хойш энэ сан дэлхийн 20 орчим ойн 28 сая акр газрыг хамгаалалтандаа авчээ. Энэхүү сан нь тэдний хамгийн том амжилт байлаа.
Хосууд маань ирэх 3 жилийн турш Германы яамнаас 3 сая долларын мөнгөн шагнал авах юм байна. Sting "Энэхүү мөнгөн шагнал нь манай санд ихээхэн тус нэмэр болно. Бид 3 тивийн 23 орныг хамарч үйл ажиллагаагаа явуулдаг болохоор хөрөнгө мөнгө ихээхэн шаардагддаг” гэлээ.
Энэ үйл ажиллагаанд жүжигчин Cheyene Jackson оролцжээ.
Alicia Keys
Олон Улсын супер од Alicia Keys 9 сарын 24-ний Даваа гарагт "MTV Crashes Manchester" хөгжмийн хөтөлбөрийн үеэр мянга мянган фэнүүдийнхээ өмнө дуулжээ. Дуучин маань 'Girl on Fire' нэртэй шинэ цомогтоо орсон дуунуудаасаа дуулж үзэгч фэнүүдээ баясгав. Манчестерийн хөгжмийн өв уламжлал болоод Британийн залуучуудын соёлыг дэмжих энэ үйл ажиллагаа нь хотын цор ганц түүхэн сүмд болсон. Готик загварын энэхүү сүмийн тайз заслыг 2009 онд Alicia-гийн Jay-Z тэй хамтран тоглосон 'Empire State of Mind'-ын каталог зэргийг оруулаад үнэхээр гайхалтай зассан байв. Алиса "Намайг энд орж ирэхэд үнэхээр сайхан байлаа. Сүмийн орчин, шүтээн гээд л... Би үнэхээр баяртай байна” хэмээн догдлон ярьжээ. Энэхүү шоунд тэрээр 11 сарын 27-нд гарах шинэ альбомдоо орсон зарим дуугаа дуулсан юм. Дуулахынхаа өмнө Keys ихэд догдолж: "Manchester бол гайхалтай хот. Би энд дуулах их дуртай” гэжээ.Mercury Prize-д нэр дэвшигч La Havas түүний шинэ рекорд 'Is Your Love Big Enough'-ын аяыг тоглож дэмжсэн бөгөөд тэрээр “Би Алисагийн үнэнч фэн нь. 12 настайгаасаа л би түүнийг дэмжиж эхэлсэн. Би түүнийг маш их хүндэлж биширдэг” хэмээн ярьжээ.31 настай Keys 2001 онд 'Songs in A Minor' хэмээх анхны тоглолтоо хийснээсээ хойш дэлхий дахинаа 30 сая альбомоо борлуулжээ.
Gangnam style
Сүүлийн үед реп дуучин Psy-ийн gangnam style дуу хөгжмийн ертөнцөд ихээхэн шуугиан тариад байгаа. Энэ дууг Өмнөд Солонгосоос эхлээд дэлхий дахинаа 264 сая хүн Youtube-ээр үзжээ. Одоо энэ видео 2,6 сая хүмүүст таашаагдсан гэдгээрээ Дэлхийн Гиннесийн рекордыг эвдээд байгаа юм.
Эрвээхий зангиа, цэнхэр костюмаар гоёсон 34 настай Psy морины явдал дээр үндэслэсэн уламжлалт хөдөлгөөнөөрөө ийнхүү дэлхийн рекордыг эвдээд амжжээ. Өмнөд Солонгос болоод Америкийн нэгдсэн Улсад түүний энэхүү дууг дуурайж өөрсдийн хувилбараа гаргасан байна. Өмнө нь Psy Ellen DeGeneres –ийн talk шоунд Бритни Спирсийн хамтаар уригдан оролцохдоо энэ бүжгээ түүнд зааж өгсөн.
Австралийн жуулчин Ameila Melocco “Ганнам стаял бол маш сонирхолтой, гоё бүжиг” гэж ярьсан бол Европын жуулчин Shak Batyrov Ихэнх залуучууд энэ дууны инээдэмтэй видео, цохилтод дуртай байгаа гээд “Энэ дуу клаб хөгжим, клаб дууны төрөл болохоор хүмүүс дуртай байдаг. Бас энэ дуу үнэхээр хөгжилтэй дуу” гэжээ.
Гангнам стаял 7 дугаар сарын дундуур гарч эхэлсэн ч өнөөдөр мэдэхгүй, дурлахгүй хүнгүй болсон байна.
Гиннесийн мэдээлж буйгаар, Гангнам стаялын хамгийн ойрын өрсөлдөгч буюу Youtube-ээр хамгийн олон like цуглуулсан видео гэвэл LMFAO-ын 'Party Rock Anthem' (1,574,963 like-тай), Justin's Bieber-ийн 'Baby' (1,327,147 like-тай) and Adele-ийн 'Rolling in the Deep' (1,245,641 like-тай) байна.
iTunes chart -д "Gangnam Style бол дэлхийн 31 орны номер-1 дуу юм” Хэмээн бичсэн. Psy энэ мэдээг сонсмогцоо твиттер хуудсандаа “Дэлхийн 31 орны номер-1 itunes. Ямар гайхалтай юм бэ, Гангнам стаял!!!!” гэж бичсэн байна.
Subscribe to:
Posts (Atom)